Зах зээлийн эдийн засгийн “загатнасан газар” буюу моргейж
“Үл үзэгдэх солгой гар” VS моргейж
1-р хэсэг
“Economy” гэдэг үг Монгол хэлнээ “Эдийн засаг” гэж томъёологдсон нь тун онч мэргэн болжээ. Магадгүй Монголчуудын угийн ухаантай байдагтай холбоотой ч байж мэдэх юм. Яаж “Арвилан хэмнэхийн ухаан” эсвэл өвөр Монголчууд шиг “аж ахуйн ухаан” гэчихээгүй юм болоо. Аз болоход тэгсэнгүй. Өмч хөрөнгө, эд материал гэдэг чинь засаглалыг үүсгэдэг юм гэсэн зах зээлийн аксиомыг мэдэж байж. Энэ аксиомыг арай ойлгогдохоор тайлбарлавал: нийгмийн элемэнт болох хүн өмч, баялагийг хэдий чинээ их цуглуулж чадна төдий чинээ нийгэмд байр сууриа бэхжүүлж чадна Харин тэр өмч баялаг нь дараах үндсэн хоёр эерэг болон сөрөг талыг агуулж байдаг. Үүнд:
- Эрх мэдэл ( захирах эрх )
- Эдийн засгийн хараат бус байдал (үл захирагдах эрх). Эндээсзасаглал үүсэн гардаг. Харин сөрөг тал нь
- Ангийн ялгаа үүсгэх (зайлшгүй захирагдах үүрэг)
- Аливаа шуналын үндэс суурь болдог. Дээрх эерэг, сөрөг хоёр талыг хууль эрх зүйгээр зохицуулж нийгмийн процессийн аюулгүй байдлыг хангана. За ингээд л болоо. Ойлгоход их хялбар байгаа биз. Үүнийг эртнээс харж, мэдэж, сургаж байсан суут мэргэдийн үгсийг эргэж харцгаая. Аристотель: “Төр улс бол жам ёсны бүтээгдэхүүн. Харин хувь хүний шалгарсан хамгаалагч бол хувийн өмч. Хувийн өмч нь хүний ертөнцөд үндэслэгдэн тулгуурлаж, хүн өөртөө зүй ёсоор хайртай байгаа явдал” гэжээ. Францын эрдэмтэн Ж.Боден: “өөрийн улс орон дахь хувийн өмчийг устгах юм бол түүнийг улс орон гэж нэрлэх боломжгүй болно” гэсэн байна. Харин эрдэмтэн Ж.Гаррингтон “Өмч засаглалгүй байдлаас бий болохгүй, харин ч үүний эсрэгээр өмч засаглалыг бий болгодог. Улс оронд өмч хөрөнгийн ямар баланс байна байна, төдий чинээ хэмжээний засаглал байна” гэж хэлж байжээ.Энэ бүгдийн ард би юу хэлэх гээд байна вэ гэвэл ард иргэдийг өмчтэй болгох нь улс орны хөгжилийн эхлэл байдаг юм байнаа гэсэн санаа. Монгол улс 1991 оны “Өмч хувьчлалын тухай” хууль гарсанаас хойш нийгмийг хамарсан томоохон өмч хувьчлалын ажлуудыг удаа дараа явуулжээ. Басхүү хийсэн ажилтай. Ямар ч гэсэн “зам”-ыг нь тавьсан, Харин энэ “замаараа” хэрхэн “алхах” талаар бол юу ч хийгээгүй. Зохицуулалт, хяналт, менежмент, хөрөнгө оруулалтын тал дээр алдаатай бодлоготой явж ирсэн нь өнөөдрийн Монголын дүр төрхөөс харагдаж байна. Тиймээс алдаагаа залруулж, асуудлаа шийдэх гэж мэрийцгээж байна. Магадгүй “санаж явба бүтнэ” гэж ерөөх, бас хүн болгон хийж чадах зүйлээ дор бүрээ сайн хийхээс өөр санал болгочих хөгжлийн гарц харагдахгүй байна. Эдгээр асуудлууд алдаатай, оноотой хэдий ч болоод өнгөрсөн зүйлс. Харин одоо хүссэн хүсээгүй “моргейж” гэгчтэй учирах цаг нь иржээ.
Бид үнэхээр өмнөх асуудлаа сайн ч зохицуулж чадаагүй байж дараагийн асуудалд орж болно гэж үү. Юуны урд бэлтгэлд хэр байгааг сонирхоё.Зарим судлаачдын хэлж байгаар бол моргейжийн зээлийг олгоход манай орны банк, санхүүгийн салбар бэлтгэгдсэн байгаа аж. Эдийн засгийн хувьд хэр зэрэг бэлтгэгдээд байгааг тодорхой үзүүлэлтүүдээр танилцуулвал: манай улсын банк, санхүүгийн салбар дахь (2006 оны сүүлийн байдлаар) нийт мөнгө 1.5 триллион бөгөөд энэ тоо сүүлийн 6 жилийн дотор 4.5 дахин, банкнаас гадуурх мөнгө 13.5 тэрбум, банкны нийт актив нэмэгдэж 2.2 триллионд болтлоо тус тус өссөн байна. Түүнчлэн банкуудын олгосон зээл 1.1 триоллон болж өсч, чанаргүй зээл –6.1 болтлоо буурсан, иргэдийн хадгаламж 1.2 триоллон болж өссөн, улсын валютын цэвэр нөөц 467 сая ам.доллар болтлоо өссөн, ам.доллар төгрөг хоёрын хөрвөх ханш тогтвортой байсан гэх мэт маш олон эерэг үзүүлэлт дурьдаж болхоор байна. Дээрх үзүүлэлтүүд бидний хувьд их тоо шүү. Ер нь моргейжийн зээлийг олгож болхыг тодорхойлох бас нэг босго бий. Тэр нь тухайн орны нэг хүнд ногдох ДНБ хэмжээ 1000 ам. доллараас давсан тохиолдолд оронсууцжуулах ажлыг моргейжийн зээлээр явуулах нь тохиромжтой гэж үздэг дэлхий нийтийн жишиг байна. 2006 оны байдлаар ДНБ 950 долларт хүрлээ. Эдийн засагчдын прогнозчилолоор бол ирэх онд буюу энэ 2007 онд нэг хүнд ноогдох ДНБ 1000 ам.доллар хүртлээ өснө гэнэ.Бас Засгийн Газраас 2007 оны эдийн засгийн үзүүлэлт, мөнгөний бодлогын талаарх төсөлд 55 арга хэмжээг ирэх онд хэрэгжүүлхээр төлөвлөсөн байсан нь хэлэлцүүлгийн явцад 122 болтлоо өссөн бөгөөд энэхүү төсөлд эдийн засгийн бодит өсөлтийг 8.6, инфляцийг 5 хувьд чанд барина гэж тодорхойлжээ. Төсвийн байгууллагад ажиллагсдын цалин 20 хувь, тэтгэвэр тэтгэмж 15 хувь, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 1.3 –1.5 дахин нэмэгдэнэ гэжээ.
Г.Гантулга 2007 үргэлжлэл бий....

0 comments